Пантеон (Ром)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ром хот дахь Пантеон сүм
Пантеон сүмийн дотор тал

Пантео́н (эртний грек. πάνθειον, πάντες —бүх θεός — Бурхан) —«Бүх бурхадын сүм» гэгддэг 118-128 онд баригдсан Эртний Ромын түүх, уран барилгын дурсгалт сүм юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Энэхүү барилгыг МЭӨ 27-25 онд эзэн хаан Гай Октавиан Августын хүргэн Маркус Випсаниус Агриппа (латин. Marcus Vipsanius Agrippa; МЭӨ 63 он — МЭӨ 12 он) -гийн зардлаар барьжээ. МЭӨ 31 онд Гай Октавиан Августусын тэнгисийн цэргийн байгуулсан ялалтын дурсгалд (Цезарийн усан цэргийг Маркус Агриппа удирдаж байсан) зориулсан ажээ. Сүм хоёр удаа галд өртсөн (80, 110 онд) байна. Сүүлд 118-120 онд Маркус Агриппагийн нэрийн өмнөөс хуучин онцгойлсон бичээсийг хадгалан эзэн хаан Адриан сэргээн бүтээжээ: "М. AGRIPPA L.F. COS.TERTIVM FECIT" (орч. Луциусын хүү Маркус Агриппа гурав дахь удаагаа консулаар сонгогдсон, барьсан).

Пантеоны барилгыг олон удаа өөрчилж, засвар оруулсан байна. Адрианы үед барьсан хойд талын гол хаалга нь Египетийн саарал боржин чулуугаар хийсэн Коринтын үеийн найман цул баганаар чимэглэгдсэн байдаг. Сүмд орох гол хаалга нь асар том хүрэл хаалттай байдаг. Эхний эгнээний баганын ард улаан Асуаны боржин чулуугаар хийсэн хоёр багана байна: нийт 16 баганатай. Баганын өндөр нь 11.9 м, дээд хэсэг ба суурийн хамт 14.15 м (Афины Парфеноны баганаас 1,5 дахин өндөр), доод диаметр нь 1.48 м, жин нь 60 тонн юм. 17-р зуунд булангийн гурван баганыг Нерогийн ванны хоёр багана, Домитиан Виллагийн баганагаар сольсон. Эхлээд сүмийг тавцан дээр байрлуулсан бөгөөд долоон шат нь сүм рүү орох хаалга руу хөтөлдөг байсан бөгөөд олон зууны туршид давхаргууд нь сууж газрын түвшнээс доош оржээ.

658 онд Византийн эзэн хаан II Констанс Ромд айлчлах үеэрээ Пантеоны бөмбөрцөг дээврийг бүрхсэн алтадмал хүрэл хавтангуудыг Константинополь руу тээвэрлэхээр буулгаж авсан байна. 735 онд Пап лам III Григори-гийн зарлигаар бөмбөгөр оройг хар тугалга хавтангаар бүрж, 1270 онд Пантеоны хаалганы дээгүүр жижиг хонхны цамхаг босгожээ. 1527 онд Ромын эзэн хаан V Чарльз хөлсний цэргүүд Ромыг цөлмөх (итали. Sacco di Roma - Ромыг сүйрүүлсэн) үеэр Пантеон бусад Ромын сүм хийдийн нэгэн адил ихээхэн хохирол амссан байна.

Пантеон бол Италийн нэр хүндтэй хүмүүсийг оршуулсан газар юм. Тэнд алдар зураач Рафаэль Санти, Балдассаре Перуцци, Аннибале Каррачи, Перино дель Вага, Таддео Цуккари, уран барилгачин Жакомо да Виньола, уран барималч Фламинио Вакка, хөгжмийн зохиолч, хийлч Арканжело Корелли (итали. Arcangelo Corelli) зэрэг алдартай хүмүүсийг оршуулжээ.